Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Ахисан түвшний сургуулиас зохион байгуулсан “Эрдмийн чуулган–68” эрдэм шинжилгээний салбар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралдаан нь магистрант, докторант, магистрын судалгааны төсөл болон төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй эмч, судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд дөрвөн үндсэн хэсгээр өрнөв.
Чуулганы хүрээнд эрдэм шинжилгээний бичгийн хэл, судалгааны бүтээлийн үнэлгээтэй холбоотой зочин илтгэлүүд хэлэлцүүлэгдсэн нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа. МУИС-ийн ХШУ-ы доктор, дэд профессор Г.Баттогтох “Монгол хэлний бичгийн хэл” сэдвээр илтгэл тавьж, эрдэм шинжилгээний бичгийн хэл, найруулгын онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан бол “MongoliaJOL” платформын менежер Л.Гантулга “Эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, судалгааны чанар, үнэлгээ, олон улсын түвшинд хүргэх боломжийн талаар мэдээлэл өглөө.
Тус хуралдааны шүүгчээр МАУА-ын гишүүн, АШУ-ы доктор, профессор О.Баатархүү, МАУА-ын гишүүн, АШУ-ы доктор, профессор Д.Уранчимэг, Академич, АШУ-ы доктор, профессор Ч.Чимэдрагчаа нар ажиллаж, илтгэлүүдийг шинжлэх ухааны үндэслэл, арга зүйн чанар, практик ач холбогдлын үзүүлэлтээр үнэлсэн.
Нэгдүгээр хэсгийн хуралдааныг АУ-ы доктор, профессор Д.Мягмарцэрэн, АУ-ы доктор, дэд профессор Ц.Алтансүх нар даргалж, докторантын судалгааны ажлуудыг хэлэлцэв. Хоёрдугаар хэсгийн хуралдааныг ТБУ-ы доктор, дэд профессор Л.Хоролсүрэн, АУ-ы доктор, дэд профессор Б.Мөнх-Эрдэнэ нар даргалж, магистрантын судалгааны ажлуудыг хэлэлцлээ. Гуравдугаар хэсгийн хуралдааныг АУ-ы доктор, профессор Р.Отгонбаяр, АУ-ы доктор, дэд профессор Ж.Дэлгэрцэцэг нар даргалж, магистрын судалгааны төслүүдийг хэлэлцэн үнэлсэн бол дөрөвдүгээр хэсгийн хуралдааныг АУ-ы доктор, дэд профессор А.Энх-Амар, АУ-ы доктор, дэд профессор Ц.Энх-Оюун нар даргалж, төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй эмч, судлаачдын судалгааны ажил болон эмнэлзүйн тохиолдлуудыг хэлэлцэв.
Чуулганы хүрээнд аман болон ханын илтгэлүүдийг өргөн хүрээнд хэлэлцүүлж, судалгааны үр дүнг олон талт байдлаар үнэлэх, залуу судлаачдын эрдэм шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн нь тус хуралдааны ач холбогдлыг тодотгож байна. Ийнхүү “Эрдмийн чуулган–68” эрдэм шинжилгээний салбар хуралдаан нь ахисан түвшний сургалтын чанарыг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, мэдлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.



























