АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган-68”-ын хүрээнд “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД” салбар хуралдаан 2026 оны 04 сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы үйл ажиллагаа нь НЭМ-ийн сургуулийн түүхт 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна.
Энэ удаагийн хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте бүс нутгийн бодлого, стратеги болон түүний ач холбогдлыг тодотгон, нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг тодорхойлсон чухал илтгэл танилцууллаа.
Мөн Монгол улсын ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Нийгмийн эрүүл мэндийн бодлогын шинэчлэл”-ийн талаар АУ-ны доктор Б.Цэцэгсайхан илтгэж, төрийн бодлогын хэрэгжилт, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээнд эрдэм шинжилгээ судалгааны ажлын ач холбогдлыг онцолсон юм.
Түүнчлэн зочин илтгэгчдээр АШУҮИС дээр АНУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд ажиллаж буй зочин профессор Desmond W.Delk хүн амын эрүүл мэндийг дэмжихэд “Идэвхтэй хөдөлгөөн”-ий ач холбогдлын талаарх шинэлэг мэдээлэл, сайн туршлагаас хуваалцлаа. АШУҮИС, НЭМС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам “Нийгмийн эрүүл мэндийн сургууль-70 жилд” сэдвийн хүрээнд тус сургуулийн түүхэн замнал, ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцуулав. “Шинэ докторын илтгэл”-ээр АШУҮИС, НЭМС, Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш, АУ-ны доктор Э.Ундармаа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын урагт нөлөөлөх нөлөөг судалсан судалгааны зарим үр дүн” сэдэвт сонирхолтой илтгэлүүдийг тус тус танилцуулав.
НЭМ-ийн салбар хуралдаанд нийт 60 гаруй байгууллагын 500 гаруй судлаач оролцож, 6 үндсэн чиглэлээр, 100-аад эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа, нотолгоо эрчимжиж, оролцогч талуудын хамтын ажиллагаа өргөжиж байгааг харуулж байна.
Шилдэг аман илтгэлд шагналт байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байрт: М.Сугармаа нарын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл дэх санхүүгийн дарамт ба амьдралын чанарын хамаарал” судалгааны ажил
2-р байрт: Б.Өлзийхутаг нарын “Улаанбаатар болон Дархан хотын гадаад, дотоод орчны харьцуулсан судалгаа” судалгааны ажил
3-р байрт: Н.Туул нарын “Ажиллагсдын хоол хүнсний хэрэглээг зөвлөмж хэмжээтэй харьцуулсан дүн” судалгааны ажил
Ханан илтгэлээр шагналт байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байрт: Х. Нансалмаа нарын “Монгол улсад хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хүлээн авах байдал: зан үйл ба нийгмийн хүчин зүйлсийн судалгаа”
2-р байрт:Э.Содном нарын “Хүүхдийн анхаарал дутах, хэт хөдөлгөөнтөх эмгэг ба цусан дахь хар тугалгын түвшинг судалсан урьдчилсан дүн”
3-р байрт: Г.Үнэнбат нарын “Элэг тайруулах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн элэгний хорт хавдрын эмгэг судлалын зарим үр дүн” зэрэг илтгэлүүд шалгарлаа.
Судалгааны ажлаа амжилттай танилцуулж, шагналт байр эзэлсэн илтгэгч, судалгааны баг хамт олонд баяр хүргэж, цаашдын эрдмийн үйлсэд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөөдрийн илтгэл, хэлэлцүүлгээс гарсан шинэ санаа, санал, зөвлөмжүүд бодлогын шийдвэр, практикт бодитой нөлөө үзүүлж, цаашдын хамтын ажиллагаа өргөжихөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь энэхүү хурлыг зохион байгуулж, түүхт 70 жилийн ойгоо угтсан олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж буй НЭМС-ийн хамт олонд болон сонирхолтой сайхан илтгэл хэлэлцүүлсэн нийт илтгэгчид, хуралд идэвхитэй оролцсон нийт оролцогчдод талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
























