Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн 5-р дамжааны оюутан С.Мөнхсүлд, 3-р дамжааны оюутан Ц.Мядагмаа нар Шига Анагаах Ухааны Их Сургуульд соёлын болон академик оюутан солилцооны хөтөлбөрт 14 хоногийн хугацаанд хамрагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд нейроанатоми, мэдрэлийн молекул судлал, нейропатологийн лабораториудад суурилсан сургалт судалгааны ажлын үйл явц, тэнхимүүдийн үйл ажиллагаатай танилцан тархи, мэдрэлийн тогтолцооны эмгэг, тэр дундаа нейродегенератив өвчний судалгаанд ашиглагддаг орчин үеийн арга барил, лабораторийн зохион байгуулалт, судалгааны ёс зүй, багийн хамтын ажиллагааны зарчимтай танилцлаа.
Солилцооны оюутнуудад зориулсан угтах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдсан ба оюутнууд соёлын өдөрлөгт оролцож, Япон улсын түүх, соёл, ёс заншилтай танилцлаа.
Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь хоёр их сургуулийн хооронд уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд Шига Анагаах Ухааны Их Сургуулийн 2 оюутан 2025 оны 9 сард манай сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдсан юм.






