Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг болон Япон улсын Осака Метрополитан Их Сургуулийн эмнэлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол, уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Осака Метрополитан Их Сургуулийн Дэд захирал, профессор Фүминори Токунага тэргүүтэй, эмнэл зүйн 7 чиглэлийн профессорын баг, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц.Билэгтсайхан, Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан болон удирдлагууд, холбогдох алба, тэнхим, тасгийн эмч, багш, сувилагч нарын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр талууд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, эмнэлзүй, сургалт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэхүү уулзалтад нь нүд, мэдрэл, гэмтэл согог, арьс судлал, нөхөн сэргээх, бөөр шилжүүлэн суулгах, эмнэлзүй болон судалгааны профессорын баг хүрэлцэн ирж, бүлгийн уулзалт зохион байгуулагдаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.
Осака Метрополитан Их Сургууль нь Япон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд анагаах ухааны боловсрол, судалгааны салбарт өндөр түвшний амжилт гаргасан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тус сургуулийн судлаачид Физик болон Анагаах ухаан, физиологийн салбарт тус тус Нобелийн шагналтан төрсөн Японы топ их сургууль юм.
Энэхүү хамтын үйл ажиллагааны эхлэл нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, эмч, мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.










