АШУҮИС-ИЙН БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ, СПОРТЫН АНАГААХ УХААН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Био-Анагаахын сургууль болон Спортын Анагаах Ухаан Эрдэм шинжилгээний төв (САУЭШТ) хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээ, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлыг дэмжих, мэдлэг мэдээлэл солилцох, мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт тавин ажиллахаар тохиролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд:

• Хамтарсан лекц, эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн зохион байгуулах

• Хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төслүүд хэрэгжүүлэх

• Судалгааны болон эмнэлзүйн мэдээлэл, холбогдох материал солилцох

• Оюутнуудын сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах

• Харилцан тохиролцсоны үндсэн дээр бусад хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцов.

Талуудын хамтын ажиллагааны гол гүйцэтгэгч нэгжээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхим ажиллах бөгөөд судалгаа шинжилгээний тодорхой төсөл хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн захирал, АУ-ы доктор, профессор Ч.Баттогтох болон Спортын Анагаах Ухаан Эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр байгууллагын холбогдох албаны төлөөлөгчид оролцов.

Энэхүү санамж бичиг нь талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаан, спортын анагаах ухааны салбарын судалгаа, боловсролын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.