Жанжин Сүхбаатарын санаачилгаар 1921 онд Зөвлөлт Оросын Улаан Армийн цэргийн зөвлөх-эмнэлгийн мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн, Цэргийн Яамны Хүн эмнэлгийн хэлтэс, Орос, Төвөд эмчилгээтэй эмнэлгийг Алтанбулаг хотноо анх байгуулж, Ардын журамт цэргийн алба хаагчид болон өвчилсөн ба шархадсан ард иргэдэд эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэлсэн нь Монголын орчин цагийн анагаах ухааны эхлэл болсон.
Цэргийн эмнэлгийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 1979-1988 онд Ангаах ухааны Дээд сургуульд Цэргийн анагаах ухааны факультетыг байгуулж, 100 орчим цэргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэснээс хойш 43 жилийн дараа 2025 оноос “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр”-ийг дахин хэрэгжүүлж эхлээд байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиуд хамтран “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ЗХЖШ, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль “Хамтран ажиллах гэрээ”-г 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.
“Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хамтарсан хөтөлбөр”-т элсэн суралцах хүсэлт гаргаж, “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт оюутныг сонгон шалгуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, тус хөтөлбөрт элсэн суралцах болзлыг хангасан Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн оюутнуудад БАТЛАМЖ гардуулах ёслолын арга хэмжээг энэ 13-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Б.Энх-Од, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал хурандаа Т.Буянбат, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга Г.Дарамбазар болон Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн оюутнууд, ар гэрийн төлөөллүүд оролцлоо.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС


















