“СУДЛААЧ ОЮУТАН 2026” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СУВИЛАХУЙН САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын оюутны эрдэм шинжилгээний Сувилахуйн салбар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдааны зочин илтгэгчээр судлаач Б.Азжаргал нарын “Мэргэжил хоорондын боловсролыг хэрэгжүүлсэн зарим үр дүнгээс”, Ц.Хонгорзул нарын “Хүний хөдөлмөрийн загварын нэгдсэн үнэлгээний аргын Монгол хувилбарын хүчин төгөлдөр, найдвартай байдлын судалгаа”, А.Амарбаясгалан нарын “Ээлжийн сувилагч, эх баригчдын нойргүйдлийн эмгэгийг тодорхойлж, бүтэн цагийн ажилтнуудтай харьцуулсан судалгаа” сэдвүүдээр оролцож, өөрсдийн судалгааны үр дүнгээс танилцууллаа.

Зочин илтгэгчээр уригдан өөрсдийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, овутан залууст урам зориг, шинэ сэдэл өгсөнд судлаачид болон судалгааны багт талархал илэрхийлье.

Хурлын шүүгчээр АУ-ы доктор Р.Оргилмаа, АУ-ы доктор Д.Батлхам, АУ-ы магистр Г.Одбаяр нар ажиллалаа. Хуралдаанд нийт 45 илтгэл ирүүлснээс Эрдмийн зөвлөлийн гишүүдийн тавьсан онооны дагуу шилдэг 15 илтгэлийг шалгаруулан, эхний 10 илтгэлийг аман хэлбэрээр, дараагийн 5 илтгэлийг ханын хэлбэрээр хэлэлцүүллээ.

“Судлаач оюутан-2026” Сувилахуйн салбар хуралдаанд шалгарсан бүтээлүүд:

Аман илтгэлийн төрөлд:

👉 Д.Оюундарь илтгэгчтэй судалгааны багийн “Бага насны хүүхдийн хөдөлгөөний чадварын түвшинг TGMD-2 үнэлгээгээр үнэлэх нь” илтгэл тэргүүн байр,

👉 Б.Ихэрцэцэг илтгэгчтэй багийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийнг хөдөлмөр заслын үнэлгээгээр тодорхойлох” илтгэл дэд байр,

👉 О.Намуун илтгэгчтэй судалгааны багийн “Сувилахуйн ангийн оюутнуудын хиймэл оюун ухааны талаарх мэдлэгийг үнэлэх нь” илтгэл гутгаар байранд тус тус шалгарлаа.

Ханын илтгэлийн төрөлд:

👉 Э.Биндэрьяа илтгэгчтэй судалгааны багийн “Шагайн архаг гэмтэл ба динамик тэнцвэрийн уялдаа хамаарлыг үнэлсэн нь” илтгэл тусгай байранд шалгарлаа.

Илтгэл хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууд, шалгарсан, хэвлүүлсэн, тэднийг удирдан чиглүүлсэн удирдагч багш нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, эрдэм шинжилгээ, судалгаанд нь өндөр амжилт хүсье.