АШУҮИС-ИЙН “СУДЛААЧ ОЮУТАН-2026” ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АШУҮИС-ийн “Судлаач оюутан-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын “Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан”-ыг Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль 2026 оны 3 дугаар сарын 11-нд амжилттай зохион байгууллаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС, МАУОУС-ийн ДӨСТ-ийн эрхлэгч, Монгол улсын гавьяат багш, АУ-ны доктор, профессор С.Хишигжаргал, УАУТХ-ийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, АУ-ны магистр, клиникийн профессор Ж.Батноров нар оролцож судлаач оюутан, илтгэгч нарт амжилт хүсэн хурлын нээлтийг хийж, уламжлалт анагаахын их эмч хөтөлбөрийн IV дамжааны оюутан Ч.Соёл-Эрдэнэ морин хуурын аяар мэндчилгээ дэвшүүлэв. Зочин илтгэгчээр УАУТХ-ийн ЭШ-ний ажилтан АУ-ны доктор А.Ану “Хий цусаар дээш хөөрөх өвчний үед хэрэглэгддэг марчин-13 уламжлалт эмийн туршилт судалгааны үр дүн” илтгэлээр оролцлоо.

Хурлын шүүгчээр МАУОУС-ийн УЖС-ын тэнхимийн дэд профессор, БУ-ны доктор, дэд профессор Ж.Байгалмаа, МАУОУС-ийн УЭ-ний тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Н.Занди,УАУТХ-ийн судлаач эм зүйн ухааны доктор Б.Саранчимэг нар тус тус ажиллалаа.

Хуралдаанд нийт 31 бүтээл ирснээс урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн 10 илтгэлийг аман, 5 илтгэлийг ханан хэлбэрээр хэлэлцүүлэв.

ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД:

Аман илтгэлийн тэргүүн байр –

Б.Тилекберген нарын “Rome IV болон PAC-SYM үнэлгээнд суурилсан архаг өтгөн хаталтын үед аяга зүүлгэх эмчилгээний эмнэлзүйн үр нөлөөг судлах нь”

Аман илтгэлийн дэд байр –

Н.Даваажаргал нарын “Shenque (cv8), qihai (cv6), sanyinjiao (sp6) сүвүүд дээр төөнө засал хийхэд биеийн захын температурт үзүүлэх нөлөөг судлах нь”

Аман илтгэлийн гутгаар байр –

Э.Хулан нарын “Булчингийн чангарлаас үүдэлтэй сээр нурууны бөгтөрт жүдо бариа заслын үзүүлэх нөлөө”

Шилдэг ханын илтгэл –

Г.Бадрах, Б.Анужин нарын “Ахмад настнуудын хувь хүний өвөрмөц чанар болон сэтгэл зүйн үнэлгээг харьцуулсан үр дүн” тус тус шалгарлаа.

“Судлаач оюутан-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын “Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаан”-д идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлсэн нийт судлаач, оюутан, эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье!