“ЯПОН-МОНГОЛЫН САСАКАВА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДАЖ БУЙ ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан”, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т манай сургуулийн 30 шилдэг оюутан хамрагдаж байна. Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны дарга Ц.Рэнцэндорж, АШУҮИС-ийн удирдлагын төлөөлөл хүлээн авч уулзаж, оюутнуудад тулгамдаж буй асуудлууд, оюутны оролцоог нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон оюутнууд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах, тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг сурагч, оюутнуудад таниулах зэрэг санаачлага гаргаж, цаашид хэрэгжүүлэхээр тогтлоо.

“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь анагаах ухаан, нүүр ам судлал, хүүхдийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй, эрүүл мэндийн нийгмийн ажил, эрүүл мэндийн мэдээлэл зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нүүр амны эрүүл ахуй хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад суралцах хугацааны сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгодог.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч амжилттай суралцаж буй оюутнууддаа амжилт хүсье.