“МОНГОЛ УЛСАД ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ БОЛЛОО

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус симпозиумд Монгол Улсын их хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, холбогдох байгууллагуудын төлөөлөл, ЖАЙКА-гийн төлөөлөгчид, дотоодын их, дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн судлаачид, эмнэлгийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Симпозиумын үеэр Монгол, Япон Улсын төлөөлөлүүд их сургуулийн эмнэлгийн менежмент, сургалтын тогтолцоо, эмнэлзүйн судалгааны чиглэлээр илтгэл тавьж, олон улсын сайн туршлага, бодит жишээг хуваалцсан бөгөөд их сургуулийн эмнэлгийг сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо болгон хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Симпозиумын нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ, Монгол–Японы эмнэлгийг 2021 онд АШУҮИС-ийн харьяанд шилжүүлснээр их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх бодит алхмууд эхэлснийг онцолж, Эрүүл мэндийн яамтай хамтран резидентийн сургалтыг нэгдмэл байдлаар зохион байгуулах нь мэргэшсэн эмч бэлтгэхэд чухал ахиц авчирна гэдгийг тэмдэглэв.

Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч бэлтгэх тогтолцоог сургалтын бааз эмнэлэгт, багш нарын хяналт дор хэрэгжүүлдэг, чадварт суурилсан, олон улсын жишигт нийцсэн тогтолцоонд шилжүүлэх нь салбарын хөгжлийн чухал алхам болохыг онцоллоо.

Энэхүү олон улсын симпозиум нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, сургалт–эмнэлзүй–судалгааны уялдаа холбоог бодлогын түвшинд дэмжихэд бодит хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.