АШУҮИС “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Япон улсын Кюүшү их сургууль хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд “Оюутан солилцооны хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн дагуу АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихуйн 4 дүгээр дамжааны оюутан Б.Охинзаяа, 2 дугаар дамжааны оюутан Э.Маралгоо нар 2026 оны 2 дугаар сарын 6-наас 24-ний өдрийг хүртэл Кюүшү их сургууль болон эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн клиникт эмнэлзүйн дадлага хийхээр Япон улсыг зорьсон юм.

Хөтөлбөрийн хугацаанд оюутнууд хамтарсан симпозиумд оролцох, мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэгт оролцох, Кюүшү их сургуулийн эмнэлзүйн бааз дээр туршлага судлах, дадлагын хичээлд хамрагдах, мөн чөлөөт цагаараа Фүкүока хотын түүх, соёлтой танилцах соёлын арга хэмжээнд оролцох зэрэг олон талт үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Энэхүү солилцооны хөтөлбөр нь Япон улсын Засгийн газрын “JASSO” тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд ахиулах, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.

Цаашид уг хөтөлбөрийг өргөжүүлэн хэрэгжүүлэх хүрээнд Сувилахуйн сургуулийн дараагийн ээлжийн оюутнуудыг эмнэлзүйн дадлагад хамруулах зорилгоор 2026 оны 3 дугаар сард сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөрийг Сувилахуйн сургуулийн багш С.Туяа, Л.Туяацацрал нар чиглүүлэн ажиллаж байна.