АШУҮИС БОЛОН ЖАЙКА ХАМТРАН ХЕПАТИТ ДЕЛЬТА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ХЯНАХ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) хооронд “Монгол Улсад Хепатит Дельта вирусийн (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь хоёр талын олон жилийн хамтын ажиллагааны дараагийн чухал алхам болж байна.

Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа вирусийн шалтгаант гепатит нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд элэгний хатуурал, элэгний хавдрын нас баралт өндөр хэвээр байна. Ялангуяа гепатит Дельта вирус нь В вирусийн халдвартай хавсран илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, богино хугацаанд элэгний хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

Манай улсад гепатит Дельта вирусын талаарх иж бүрэн судалгаа, үндэсний түвшний тандалт, оношилгооны стандарт хараахан бүрэн төлөвшөөгүй байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарсан.

“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн зорилго нь Хепатит Дельта вирусийн халдварыг хянах үндэсний чадавхийг бэхжүүлэх явдал юм. Төслийн хүрээнд оношлуур хөгжүүлэх, тархвар судлал, вирус судлалын судалгаа хийх, элэгний өвчний хүндрэл үүсэх механизмыг тодорхойлох, хүний нөөцийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өнөөдөр гарын үсэг зурж буй энэхүү судалгааны төсөл хэрэгжсэнээр Япон Улсын анагаах ухааны дэвшилтэт оношилгоо, судалгааны арга зүйг Монгол Улсад нутагшуулах, олон улсын түвшний хамтарсан судалгааны сүлжээг бий болгох шинэ шатанд шилжиж байна.

Төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь Япон улсаас Токушима их сургууль, Монгол улсаас АШУҮИС, АШУҮИС-ийн Био -Анагаахын хүрээлэн, Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг ажиллахаас гадна ХӨСҮТ, ЭСҮТ хамтрана.

Төслийн эцсийн үр дүн нь Монгол Улсын иргэдийн элэгний өвчлөлийн хүндрэл, нас баралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.