АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн хөдөлмөр заслын багш нар 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Тайландын Бангкок хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн Хөдөлмөр Засалчдын Холбооны 19 дүгээр их хуралд оролцлоо. Тус хурлаар ХӨДӨЛМӨР ЗАСАЛ бакалаврын сургалтын хөтөлбөрөө олон улсад (WFOT) 7 жилээр магадлуулсан гэрчилгээг хүлээн авч, холбооны гишүүн 117 орны нэг нь Монгол Улс болсныг зарлалаа.
АШУҮИС нь 2014 оноос эхлэн Монгол Улсад анх удаа хөдөлмөр заслын хөтөлбөрийг (OCCUPATIONAL THERAPY) хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд олон улсын шаардлагад нийцсэн сургалт, судалгааг хөгжүүлэхэд зорьж ирсэн билээ.
Хөдөлмөр заслын хөтөлбөрийг хэрэгжиж үеэс одоог хүртэл дэмжиж ажилласан үе үеийн удирдлага, хамт олон, гадаад хамтын ажиллагаатай Японы Гунма их сургууль, Швейцарын Цүрихын Хэрэглээний Шинжлэх Ухааны их сургууль, Хонконгийн Политехникийн их сургуулийн хөдөлмөр заслын тэнхим, төгсөгчид, оюутнууд, хамтран ажилладаг байгууллага, хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Монголын хөдөлмөр засалчдын холбоо нь тус холбооны жинхэнэ гишүүн болж, АШУҮИС-ийн хөдөлмөр заслын хөтөлбөрөө албан ёсоор магадлуулсан нь Монгол Улсад хөдөлмөр заслын мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал боллоо.







