АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төслийн хүрээнд “NutriHub” Шим тэжээлийн үнэлгээ, сургалтын лаборатори байгуулах төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн багийн анхны уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 19–21-ний өдрүүдэд Грек улсын Афин хот дахь Баруун Аттикын их сургуульд зохион байгуулагдсан бөгөөд уг уулзалтад АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам, Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Лувсанлхүндэв нар оролцож, төслийн хүрээнд хийгдэх ажлуудаа тодорхой хэлэлцлээ.
“NUTRIHubs4NCDs” төсөл нь Грек, Итали, Турк, Монгол, Бутан зэрэг 5 улсын 10 их сургууль болон төрийн бус байгууллагууд хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжих олон улсын хамтын ажиллагааны төсөл юм. Төслийн хүрээнд хоол, шим тэжээлийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах шинэлэг арга барилыг дэмжих зорилготой сургалтын төвүүдийг АШУҮИС болон ШУТИС-ийн дэргэд тус тус байгуулахаар төлөвлөж байна.
АШУҮИС-ийн НЭМС дээр 2018 онд “Шим тэжээл судлал”-ын тэнхимийг байгуулан, бакалаврын сургалтыг 2019 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд оюутны сургалтын хүрээнд Шим тэжээлийн үнэлгээний лаборатори нэн шаардлагатай байсан юм.
Мөн төслийн хүрээнд:
• Мэргэжлийн багш нарыг чадавхжуулах,
• Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх,
• Төслийн үр дүн, ололтыг олон нийтэд таниулах зэрэг багц ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх албан ёсны эх сурвалжаас авах боломжтой.
https://www.nutrihubs.com/index.html





