АШУҮИС-ийн Захиргааны зөвлөл 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт сургалт зохион байгуулав.
АШУҮИС-ийн Захиргааны зөвлөл болон удирдлагын багийн гишүүдэд зориулан “Performance Management and Development System – Гүйцэтгэлийн удирдлага: Чадамжид суурилсан тогтолцоо, сайн туршлага” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь байгууллагын удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадамжийг сайжруулах, гүйцэтгэлийн удирдлагын орчин үеийн тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэв.
АШУҮИС-ийн Эндаумент сангийн журмыг хэлэлцэв.
АШУҮИС-ийн Эндаумент сангийн журмыг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Журмын төсөлд их сургуулийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт төвлөрүүлэх, бүртгэх, хамгаалах, удирдах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг тусгасан бөгөөд сангийн үйл ажиллагааг нээлттэй, хуульд нийцсэн, тооцоо судалгаанд суурилсан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчимд тулгуурлан боловсруулсан.
Бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам баталлаа.
АШУҮИС-ийн хамт олон нь бэлгийн мөлжлөг, хүчирхийллийг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, хүчирхийлэл, мөлжлөгөөс ангид, аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлэх “Бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг хэлэлцэж, 2026 оноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Уг журамд ажлын байр, сургалтын орчин, номын сан, оюутны дотуур байр, цахим орчныг хамруулан хүний эрхийг дээдэлсэн, нийтээр дагаж мөрдөх харилцааны зохицуулалтуудыг тусгасан.









