АШУҮИС “Сайн үйлсийг хамтдаа түгээе” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Сайн үйлсийг хамтдаа түгээе” өдөрлөг 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р хороонд байрлах “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн хамт олон санаачлан, тус төвийн дэргэдэх CSSC оюутны клуб, “Nomadic beauty” хамт олон, АУС-ийн багш нар болон Монгол-Япон эмнэлгийн резидент, олгох эмч нар нэгдэн энэхүү нийгэмд чиглэсэн сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд болон эцэг эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөх цогц үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Эмнэлзүйн ур чадварын төвийн эрхлэгч, Бөөр судлалын тэнхимийн багш Т.Балжинням, тус төвийн багш Н.Мөнх-Учрал, Ц.Цахим-Эрдэнэ, мэргэжилтэн Э.Мөнхзаяа, Э.Ариунбаяр, мөн Нүүр амны сургуулийн багш Б.Нямдэлгэр, “Эвада” шүдний эмнэлгийн их эмч Б.Цолмон, Монгол-Япон эмнэлгийн нүд, хүүхэд, өрхийн анагаах ухааны резидент эмч нар Ж.Энхзаяа, Б.Ундрах, Б.Энхмаа, Ж.Мөнхдэлгэр, О.Мөнх-Од, гоо сайханч А.Мөнгөнчимэг зэрэг олон мэргэжлийн баг хамтран оролцож, хүүхэд багачуудад шаардлагатай тусламж, зөвлөгөөг нэг дороос үзүүллээ. Мөн АШУҮИС-ийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн багш Уранбайгаль, Цус судлалын тэнхимийн багш А.Отгонбат, Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Өлзий болон CSSC оюутны клубын гишүүд сайн дурын оролцоогоор өдөрлөгт нэгдсэн нь арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэв.

Өдөрлөгийн үеэр амны хөндийн үзлэг, фторт түрхлэг хийх, хүүхдийн хүзүүний зөөлөн эдийн болон хэвлийн эрхтний хэт авиан шинжилгээ, хүүхдийн эмчийн үзлэг, нүдний хараа шалгах зэрэг олон төрлийн үзлэг, зөвлөгөөг үзүүлж, нийт 127 хүүхэд болон насанд хүрэгчдэд, давхардсан тоогоор 189 удаагийн үзлэг, үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс гадна 30 хүүхдийн үсийг засаж, гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн нь хүүхдүүдийн сэтгэлд эерэг сэтгэгдэл төрүүлсэн ач холбогдолтой үйлчлэл болж өнгөрөв.

Арга хэмжээний үеэр сайн үйлсийн хандив өргөх аян өрнөж, Витамин С уусмал 6 хайрцаг (500 ширхэг), хувцас 2 хайрцаг, ном 1 хайрцаг, оймс 1 хайрцаг, тоглоом 1 хайрцаг, гадуур өмд 20 ширхэг хандивлагдсан бөгөөд үүнд “Монос” групп Витамин С-ийн нэмэлт 500 ширхгийг, “50K original jeans” брэнд 20 ширхэг шинэ өмдийг, “Nomadic beauty” 2 сая төгрөгийн үнэ бүхий үсний хатуу шампунь, гарын саванг тус тус хандивлан дэмжлэг үзүүлэв. Мөн “Мөнх нуман тамга” ХХК үзлэг хийсэн эмч, зохион байгуулагч баг, оюутнуудад өдрийн хоолоор дэмжсэн нь арга хэмжээг үр өгөөжтэй, үр бүтээлтэй зохион байгуулахад чухал хувь нэмэр боллоо.

Энэхүү өдөрлөг нь эмч, оюутан, байгууллагууд нийгмийн өмнө хүлээдэг үүргээ хэрэгжүүлж, эмзэг бүлгийн хүүхдүүдэд шаардлагатай тусламж, эрүүл мэндийн боловсрол, халамжийг хүргэсэн үр дүнтэй сайн үйлсийн ажил болсноороо онцлог байв.