Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эмнэлзүйн ур чадварын төвийн VR төхөөрөмжид суурилсан “Виртуал орчинд эмнэлзүйн тохиолдол шийдвэрлэх сургалтын технологи нэвтрүүлэх нь” сэдэвт нээлттэй хичээлийг амжилттай зохион байгуулав. Энэхүү хичээл нь эмнэлзүйн сургалтад виртуал орчны (VR) технологийг ашиглан эмнэлзүйн тохиолдол шийдвэрлэх чадвар ур чадварыг эзэмшүүлэх, сургалтад дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, оюутнуудын асуумж цуглуулах, бодит үзлэг хийх болон оношлогоо, эмчилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.
Нээлттэй хичээл 11:00–14:30 цагийн хооронд Эмнэлзүйн ур чадварын төвийн 202, 203, 204 тоот танхимд зохион байгуулагдсан ба, АУС-ийн оюутан, багш нар хамрагдаа. Хичээлийг Эмнэлзүйн ур чадварын төвийн эрхлэгч, Бөөр судлалын тэнхимийн багш Т.Балжинням удирдсан бөгөөд Эмнэлзүйн ур чадварын төвийн багш, Радиологийн тэнхимийн багш Ц.Цахим-Эрдэнэ, Цус судлалын тэнхимийн багш Н.Мөнх-Учрал хамран явуулав.
Сургалтын эхэнд VR төхөөрөмжийн хэрэглээ, давуу талын талаар танилцуулга хийж, улмаар Дотор өвчин судлалын эмнэлзүйн тохиолдолд суурилсан дадлага хичээлийг гүйцэтгэлээ. Оюутнууд VR төхөөрөмжийг ашиглан эмчлүүлэгчээс виртуал орчинд асуумж авах, бодит үзлэг хийх, лабораторийн ба багажийн шинжилгээний үр дүнг тайлбарлах зэрэг үйлдлүүдэд суралцан эмнэлзүйн тохиолдлыг шийдвэрлэсэн юм.
Энэхүү VR төхөөрөмжид суурилсан виртуал эмнэлзүйн тохиолдол нь оюутнуудын асуумж цуглуулах, бодит үзлэг хийх, оношилгоо хийх ур чадварыг хөгжүүлэхээс гадна тухайн тохиолдолд тохирсон эмчилгээ төлөвлөх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг ур чадваруудыг аюулгүй орчинд эзэмших боломжтойгоороо онцлог, давуу талтай, орчин үеийн сургалтын шинэ технологи билээ.



















