“ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухаан, технологи, инновацын газраас Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-ийг 2023 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөө энэ удаагийн өдөрлөгийг 2025 оны 11 сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийг угтан зохион байгуулсан сургалтад Оюуны өмчийн газар, Шинэ бүтээл ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа “Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг бүрдүүлэх, патентын мэдүүлэгт оюуны өмчийн бүртгэлийн системд хайлт хийх” сэдвээр, АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюунтөгс “Оношилгооны аргын хүчин төгөлдөр байдлын ба тавилангийн судалгааны зарим статистик хэрэглээ” сэдвээр сургалтыг удирдан явуулж, 50 гаруй багш, шинжилгээний ажилтан, судлаачид сургалтад хамрагдлаа.

2025 оны 11 сарын 28-нд  зохион байгуулагдсан “ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ”-т  Монгол Улсын шинжлэх ухааны академи, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, Шинжлэх ухаан технологи инновацын газар, Wingardium хуулийн фирм, CareAI төсөл, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Монгол-Япон эмнэлэгийн Гемофилийн төвөөс зочин илтгэгчид сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Өдөрлөгт 130 гаруй багш, судлаачид хамрагдаж инновац, шинэ технологи, гарааны компани, оюуны өмчийн талаар мэдлэг туршлагаа хуваалцлаа. Түүнчлэн АШУҮИС-ийн Технологи дамжуулах төвд бүртгэлтэй инновацын бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн оюуны өмчийн танилцуулга, их сургуулийн дэргэдэх гарааны компаниуд үйл ажиллагаагаа танилцуулснаас гадна их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, эмнэлгүүдэд 2024-2025 онд нэвтрүүлж нутагшуулсан оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, шинэ эм, эмийн бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулгыг үзэсгэлэнд дэлгэж танилцууллаа.

Энэхүү өдөрлөг зохион байгуулагдсанаар АШУҮИС-ийн Технологи дамжуулах төв, бүрэлдэхүүн сургуулиуд, эмнэлгүүд, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн дэргэдэх гарааны компаний багш судлаачид өөрсдийн бүтээсэн, инновац, шинэ бүтээл, шинэ технологи, судалгаа шинжилгээний талаар харилцан мэдээлэл солилцохоос гадна Шинжлэх Ухааны Академи, Оюуны өмчийн газар, Монгол улсын их сургууль зэрэг байгууллагуудад өөрсдийн дотоод нөөц бололцоогоо таниулж, хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааныхаа хүрээг өргөжүүлэх боломжийг олгосон үр дүнтэй өдөрлөг боллоо.