Төрийн өмчийн 6 их сургуулийн консорциумын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрдэмтэд” олон улсын төслийн арга хэмжээ 2025 оны 11 сарын 20-нд АШУҮИС-д амжилттай зохион байгуулагдлаа.
“Ирээдүйн эрдэмтэд” төслийн гол зорилго нь шинжлэх ухаан, дээд боловсрол болон боловсролын салбар дахь академик хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусын судалгааны сонирхол, оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Энэхүү арга хэмжээ нь төрийн өмчийн 6 их сургуулийн оролцоотойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд А.С. Пушкины нэрэмжит Орос Хэлний Улсын Институтийн нэгдүгээр проректор Павличева Елена Николаевнагийн ахалсан эрдэмтдийн баг АШУҮИС-ийн багш, оюутнуудад илтгэл танилцуулж, залуу судлаачдын асуултад хариулан, мэдлэгийн хуваалцааны үнэ цэнтэй, бүтээлч өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Арга хэмжээг нээж АШУҮИС-ийн Сургалтын бодлого, зохиуцуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга, дэд профессор Г. Дарамбазар үг хэлэхдээ “Энэхүү арга хэмжээ нь манай оюутан, залуу судлаачид Оросын нэр хүндтэй эрдэмтэдтэй танилцах, шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаанаас суралцах, мөн профессор багш, судлаачдын хувьд ч мэргэжлийн харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх нэгэн боломж хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Илтгэгчдийн багт дараах эрдэмтэн судлаач, профессорууд судалгааны үр дүнгээ хуваалцсан билээ. Үүнд,
- Физик-математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, П.Н.Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн Троицк дахь салбарын эрхлэгч, Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийн (МПГУ) Онолын физикийн тэнхимийн эрхлэгч Наумов Андрей Валентинович “Квантын технологийн гайхамшигт бодит байдал” сэдвээр;
- Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын ШУА-ийн Конструктор, мэдээллийн технологийн хүрээлэнгийн стратегийн хөгжлийн асуудал хариуцсан захирлын орлогч Олейник Андрей Владимирович “Дижитал ихрүүд” сэдвээр;
- ОХУ-ын ШУА-ийн Химийн физик ба анагаахын химиийн судалгааны төвийн хэвлэл мэдээллийн албаны дарга, Indicator.ru, Inscience.news цахим порталуудын шинжлэх ухааны редактор, шинжлэх ухааны сэтгүүлч Паевский Алексей Сергеевич “Хөгжим ба тархи“ сэдвээр тус тус илтгэлээ.






















