Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах 7 хоногийн хүрээнд ард иргэдийн мэдлэг боловсрол, ойлголтыг дээшлүүлэхийн сацуу эмэнд тэсвэржсэн бичил биетний тархалтыг бууруулах, таслан зогсоох үйл ажиллагааг дэмжих зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 18-аас 24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн үйл ажиллагаа нь “Яг одоо хэрэгжүүлж эхэлье: Өөрсдийгөө хамгаалцгаая. Ирээдүйнхээ аюулгүй байдлыг хангая” уриан дор явагдаж буй бөгөөд үүнтэй уялдуулан бидний ирээдүй хойч үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон ард иргэдэд чиглэсэн арга хэмжээг АШУҮИС-ийн, Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газартай хамтран дараах 2 үйл ажиллагааг зохион байгууллаа.
- АШУҮИС-ийн оюутны соёлын төвд биоанагаахын 50, анагаахын суурь боловсролын дамжааны 40, эм зүйн чиглэлээр суралцаж буй 60 оюутнуудад эмэнд тэсвэржсэн бичил биетэн, эмийн зохисгүй хэрэглээний мэдлэг, хандлагын талаар хагас өдрийн интерактив арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Сокорро Эскаланте болон АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нар нээж бичил биетний эмийн тэсвэржилтээс сэргийлэх, антибиотикийг зохистой хэрэглэхийн ач холбогдлын талаар мэдээлэл хуваалцлаа. Мөн Био-Анагаахын сургуулийн захирал, профессор Ч. Баттогтох тэсвэржсэн бичил биетний тархалт, дэлхий нийтийн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хүргэн бичил биетний эмийн тэсвэржилтээс сэргийлэхэд болон нийгмийн сүлжээнд бичил биетний эмийн тэсвэржилтийн талаарх мэдлэгийг түгээхэд оюутны оролцоо, манлайллыг дэмжихийг уриаллаа. Энэхүү арга хэмжээнд ДЭМБ-ын зөвлөх Ч.Амаржаргал, мэргэжилтэн Б.Цолмон, Б.Алтанзагас нар мэдээлэл танилцуулахаас гадна антибиотикийн зохистой хэрэглээнд амлалтанд хэрхэн нэгдэх талаар танилцууллаа.
- Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны хүрээндНарантуул худалдаа үйлчилгээний төвийн борлуулагч нар болон үйлчлүүлж буй олон нийтэд бичил биетний эмийн тэсвэржилт болон үүсгэгчийн эсрэг эмийн зохистой хэрэглээг сурталчлах, олон нийтэд мэдээлэл өгөх цэг байгуулан ажиллаж Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхмийн багш Б.Отгонжаргал, Э.Гэрэлмаа нар Био-Анагаахын 302,303,304 хэсгийн оюутнуудын хамт антибиотикийн зохистой хэрэглээ, халдварын сэргийлэлт хяналтын арга хэмжээний талаар товхимол, ухуулах хуудас болон бусад боловсролын материалыг тараан иргэдтэй ярилцлага өрнүүллээ.




