АНУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН (NIH) ДЭМЖЛЭГТЭЙ “МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ“ ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ХИЙЖ, ШИНЭ СУДЛААЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АШУҮИС нь АНУ-ын Техасын Их Сургууль болон Дюк Их сургуультай хамтран 2022-2027 онд хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн Буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв“ төслийн явц, тайланг хэлэлцэх хурал 2025 оны 11 дугаар сарын 07-ны өдөр НЭМС-ийн Эрдмийн Өргөөнд зохион байгуулагдлаа.

Тус хуралд АНУ-ын Техасын Их Сургуулийн Анагаахын Салбар Сургуулийн профессор, U2R төслийн удирдагч Грегори Грей, АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ны доктор, профессор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, U01 Төслийн удирдагч, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам, Гадаад харилцааны газрын дарга, Төслийн зохицуулагч Д.Өлзиймаа болон төслийн менторууд, феллоу судлаачид оролцлоо.

2025-2026 онд төслийн багт ажиллаж, АНУ-д 3 сар мэргэжил дээшлүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн судлаачидтай АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж гэрээ байгуулав. Төслийн судлаачдыг сонгон шалгаруулах тухай зарыг үндэсний сонин хэвлэл, АШУҮИС-ийн вэб хуудсаар улсын хэмжээнд түгээж, 2025 оны 9 сард өргөдөл гаргасан хүмүүсийн бүрдүүлсэн материалыг үнэлэн, АНУ-ын Техасын Их Сургууль, Дюк Их сургуулийн профессорууд, АШУҮИС-ийн багийнхан ярилцлага хийсний үр дүнд судлаачдыг сонгон шалгаруулсан юм.

Төслийн 2025 оны тайлан хэлэлцэх хурлын үеэр төслийн хүрээнд хийгдсэн ажлууд, судалгааны явц, цаашдын төлөвлөгөөг Төслийн удирдагч АУ-ны доктор, профессор Д.Даваалхам, судалгааны дэд бүлгүүд болох вирусын судалгаа, эсийн өсгөвөрийн талаар судлаач Д. Намуун, Н. Ням-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.

Мөн ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор С. Энхболдтой халдварт өвчний чиглэлээр 2025-2026 онд хамтран хэрэгжүүлэх судалгааны ажлын талаар хэлэлцлээ.