“МОНГОЛЫН СУВИЛАХУЙН ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУВИЛАХУЙН СИМПОЗИУМЫГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сувилагчийн карьерийн шатлал нь мэргэжлийн тасралтгүй хөгжлийн гол тулгуур бөгөөд шатлал хоорондын уялдааг хангах нь сувилагчдыг мэдлэг, чадвараа шат дараатай ахиулах, хүн төвтэй, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх, бусдыг удирдан чиглүүлэх, заах чадамжтай болгох зорилготой юм.

Симпозиумыг АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж нээж, ЖАЙКА Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, АШУҮИС-ийн МЯЭ-ийн захирал П.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. ЭМЯ-ны Сувилахуйн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Г.Хулан “Монголын сувилахуйн хүний нөөцийг хөгжүүлэх, насан туршийн боловсрол”, Эхимэ их сургуулийн эмнэлгийн дэд захирал Сакита Сатоми “Японы сувилахуйн хүний нөөцийн хөгжлийн болон насан туршийн боловсрол”, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа “Монголын сувилахуйн хүний нөөцийн сургалтын өнөөгийн байдал”, Эхимэ их сургуулийн эмнэлгийн сувилахуйн дэд захирал Яамамото Мицүко “Клиник ладдерийн хэрэгжилт (Их сургуулийн эмнэлгийн жишээн дээр)”, Эхимэ их сургуулийн сувилахуйн боловсрол хариуцсан мэргэжилтэн Найто Чисако “Клиник ладдераар дамжуулан сувилахуйн тасралтгүй суралцах хүсэл эрмэлзлийг дэмжих арга”, МЯЭ-ийн Сувилахуйн сургалт хариуцсан менежер Г.Лхамаа “АШУҮИС-ийн МЯЭ-д Клиник ладдерийг хэрэгжүүлсэн туршлага, үр дүн (Шинэ сувилагчийн сургалт ба Эмнэлзүйн ур чадварын төвийн ашиглалт)” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Симпозиумд Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 43 байгууллагын 60 сувилагч оролцож, Боловсрол・Сургалтын тогтолцоо ба “Клиник ладдер”-ын хэрэгжүүлэлт, мөн Хүн төвтэй асаргаа сувилгаанд үндэслэсэн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төслийн хүрээнд хэрэгжиж буй сувилахуйн шинэчлэлүүдийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн боловсролын шатлал хоорондын уялдаа болон эмнэлгийн байгууллагуудын оролцоог бэхжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.