Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Анагаах Ухааны Сургууль (АУС)-ийн Хүүхдийн анагаахын тэнхим, Монголын Хүүхдийн Анагаахын Академи ба Америкийн Нэгдсэн Улсын Baylor Анагаах Ухааны сургууль, Техасын Хүүхдийн эмнэлэг, Өмнөд Иллинойс Анагаах Ухааны коллеж, Канад улсын The Hospital for Sick Children эмнэлгийн профессор, эмч, мэргэжилтнүүдийн багийг эх орондоо хүлээн авч хамтарсан сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
АНУ-аас ирсэн багшлах бүрэлдэхүүнийг Харвардын Их Сургуулийн Профессор, Хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Кейра Мэйсон ахлан, багийн гишүүдээр хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, хүүхдийн зүрхний эрчимт эмчилгээ, хүүхдийн ерөнхий мэргэжлийн ба хоол боловсруулах эрхтэн судлалын нийт 8 эмч, нэг мэргэшсэн сувилагч ирэв.
Сургалтын өмнө АШУҮИС-ийн удирдлагууд АНУ-ын эмч нарыг хүлээн авч, энэ жил хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж, Монгол улсын хүүхдийн эмч нарт зориулсан ээлжит сургалтыг хамтран зохион байгуулж байгаад талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх тухай санал солилцов. АНУ-ын эмч нар Монголын эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулахаар алс холоос Хүүхдийн амилуулах лавшруулсан тусламж, Хүүхдийн тайвшруулга, Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг зэрэг сэдэвт гарын авлага, сурах бичиг, гардан үйлдлийн муляж, туслах хэрэглэгдэхүүнүүдийг авч ирж, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимд хандивласан нь маш чухал үйл явдал болов.

















