Төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженер, тээврийн сургуулийн судалгаа боловсруулалтын багийн хамтран хэрэгжүүлэх “Тархины саатай хүүхдийн алхааны биомеханикийг үнэлэх нь” сэдэвт төслийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа 2025 оны 10 дүгээр сарын 09-ний өдөр АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор профессор Б.Дамдиндорж, ШУТИС-ийн ректор, профессор Т.Намнан болон 2 их сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан проректорууд, газрын дарга, сургуулийн захирлууд болон төсөл хэрэгжүүлэх судалгааны багийн хамт олон оролцлоо.
Уг төслийн үр дүнд WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд ШУТИС, АШУҮИС-ийн нэр дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, алхааны биомеханикийн үнэлгээний гарын авлага бэлтгэж, хэвлүүлэх, ахисан түвшний оюутнууд эрдмийн зэрэг хамгаалуулах зэрэг үр дүн гарах ач холбогдолтой юм.













