АШУҮИС болон Япон улсын International University of Health and Welfare – (IUHW)-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын танилцах дадлагыг 2026 оны хичээлийн жилд дахин амжилттай хэрэгжүүлж байна.
Тус сургуулийн оюутнуудын танилцах дадлагыг 2018 оноос эхлэн, энэ жил 8 дахь удаагаа Сувилахуйн сургууль хариуцан ажиллаж ирсэн арвин туршлага, түүхэн замналтай билээ. Энэ удаагийн айлчлалаар Хэл заслын тэнхимийн эрхлэгч Мичико Канно (Michiko Kanno), Нүдний техникч хараа зүйн тэнхимийн эрхлэгч Юки Хашимото (Yuki Hashimoto) нараар ахлуулсан Нарита, Акасака, Оотавара, Фукуока зэрэг 4 кампусын Сувилахуй, Хөдөлгөөн засалч, Хөдөлмөр засалч, Хэл засалч болон эрүүл мэндийн бусад мэргэжлийн ангийн 19 оюутны бүрэлдэхүүн дадлагаа эхлүүлээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Монгол-Японы эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг байгууллагуудад дадлагаа үргэлжлүүлнэ. Мөн «Мэргэжил танилцуулах симпозиум», «Хоёр орны соёл, ёс заншлын арга хэмжээ», «Оюутны амьдралын нэг өдөр» зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэн харилцан туршлага солилцох юм.
Тус хөтөлбөр нь хоёр сургуулийн оюутнуудад туршлага солилцохоос гадна цаашид эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд хамтран ажиллах өргөн боломжийг нээж байдгаараа өндөр ач холбогдолтой.














