СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД -2025, “АМИА ХОРЛОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим хамтран “Сэтгэцийн эрүүл мэнд -2025, Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн олон улсын хуралд Япон, Турк, ОХУ, Солонгос улсын төлөөлөгчид зочин илтгэгчээр оролцож амиа хорлох төрх үйл, хүүхдийн хөгжлийн үнэлгээ, тархи судлал, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьлаа.

Олон улсын хурлын онцлог нь энэ жилд анх удаа “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд”, “Салбар дундын тархи судлал” сэдвээр салбар хуралдааныг зохион байгуулсанд оршино. Олон улсын хуралд дотоодын болон гадаадын судлаачдын нийт 78 илтгэл илгээснээс аман илтгэл 5, ханын илтгэл 10-ыг шалгаруулан тус бүр 3 байр эзлүүлэн шагнал гардуулав. Уг олон улсын хуралд АУ-ны доктор, профессор З.Хишигсүрэн “ Хүүхдийн сэтгэцийн эмчийн мэргэшүүлэх сургалтын үр дүнгээс” сэдвээр зочин илтгэгчээр оролцсон бол АУ-ны магистр Б.Баасандорж “Аутизмын хүрээний эмгэг, АДХХЭ-ийн илрүүлгийн асуумжийн тохиромжит байдлын үнэлгээ” сэдвээр аман итгэл тавьж, АУ-ны магистр Н.Билгүүн “Сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хүйсийн ялгаа” сэдвээр ханын илтгэл хэлэлцүүлж гуравдугаар байрт шалгарлаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, АУС-ийн Лабораторийн тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор О.Зэсэмдорж, НЭМУ-ны доктор Б.Батзориг нар хамтран ажиллалаа.