Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь 2022 оноос хойш Онцгой байдлын байгууллагын эмч, сэтгэл зүйч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Энэ хугацаанд зүү, төөнө заслын чиглэлээр 2, уламжлалт анагаахын мэдрэл судлалын чиглэлээр 1, дүрслэл оношилгооны чиглэлээр 1 буюу нийт 4 алба хаагчийг үндсэн нарийн мэргэжлийн сургалтад, мөн сэтгэл судлалын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны (3 сарын) сургалтад 3 алба хаагчийг тус тус хамруулжээ.
Хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа.
Цаашид Онцгой байдлын байгууллагын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр сургаж мэргэшүүлэх, төв, орон нутагт зохион байгуулах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хугацаат үзлэгийн бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, АШУҮИС-ийн сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд дадлагажуулах, чадавхжуулах, алба хаагчдыг сургуулийн харьяа эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлэх, аврагч нарт эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.







