АШУҮИС, Япон улсын Шига Анагаах Ухааны Их Сургууль хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. 2025 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, төлөөллийн хамт Шига Анагаах Ухааны Их Сургуулийн ерөнхийлөгч Шинжи Үэмото, дэд ерөнхийлөгч Икүо Тоояама, их сургуулийн эмнэлгийн захирал, дэд захирлууд, профессор багш нартай уулзалт хийж, тус их сургуулийн докторын сургалтад суралцаж байгаа Монгол оюутнуудын эрдэм шинжилгээний симпозиумд оролцож, судалгааны ажлын явцтай нь танилцаж, санал солилцлоо.
Албаны төлөөлөл Шига Анагаах Ухааны Их Сургуулийн мэдрэл, мэдрэлийн эмгэгийн лаборатори, мэс засал, кадаверик мэс заслын сургалтын төв, их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаа, өвчтөн дэмжих алба, резидент болон нарийн мэргэшлийн эмчийн сургалтын тогтолцоотой танилцан, эмнэлзүйн туршилт-судалгааны лаборатори байгуулах чиглэлээр санал солилцлоо. Түүнчлэн хоёр их сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтад анагаах болон сувилахуйн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг богино хугацааны сургалт, соёлын солилцоонд хамруулахын зэрэгцээ эмч, багш, судлаачдыг эмнэлзүйн сургалтад харилцан оролцуулах үйл ажиллагааг эхлүүлэхээр тогтлоо.








