Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Япон Улсын “Ниппон” сангийн санхүүжилттэй “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичгийг Төрийн өмчийн 4 их сургуультай 2025 оны 06 сарын 26-ны өдөр байгууллаа.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд, тэр дундаа “Эрүүл Монгол хүн”, “Эрүүл шүд” зэрэг үндэсний арга хэмжээг орон даяар амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бүрэн тэтгэлэгтэйгээр бэлтгэх зорилготой юм.
АШУҮИС–ийн Хүний их эмч, Хүүхдийн их эмч, Шүдний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлалч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн хоол зүйч, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан, Эрүүл мэндийн мэдээллийн технологич, Нүүр амны эрүүл ахуйч гэсэн 10 мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутгаас суралцаж буй оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Оюутнуудыг сурлагын амжилтаар нь сонгон шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох бөгөөд сургуулиа төгсөөд өөрийн орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ гурван жилээс дээш хугацаанд ажиллах нөхцөлтэй юм.
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” нь 12 жилийн турш 1000 мэргэжилтэнг бэлтгэхэд нийт 5 сая ам.долларын буцалтгүй санхүүжилт хийгдэнэ.



