АШУҮИС, ХӨСҮТ-ИЙН ХАМТАРСАН БАГ МОНГОЛ УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН ОНОШИЛГООНЫ ПРАКТИКТ HIV, HBV ВИРУСИЙН NGS ШИНЖИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

2025 оны 6-р сард Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Молекул биологи Удамзүйн тэнхимийн хамтарсан баг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Нэгдсэн Лабораторийн алба, ДОХ, БЗДХ-ын лаборатори, Гепатит, Энтеровирусийн лаборатори Монгол улсын эмнэлзүйн оношилгооны практикт ХДХВ (HIV), гепатит В вирус (HBV)-ийн бүрэн геномын NGS шинжилгээг амжилттай нэвтрүүллээ.

Монгол улсад элэгний гепатит В вирусийн халдвартай 240000 орчим хүн амьдардаг гэсэн статистик мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл Монгол улсын хувьд уг вирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байна. Үүнийг дагаад гепатит вирусийн шалтгаант элэгний хатуурал, элэгний хавдарын тохиодол өндөр байдаг. Элэгний хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд нэгдүгээрт жагсдаг.

Одоогоор дэлхий дахинд гепатит В вирусийн хүний биеэс бүрэн зайлуулах, устгах эм, эмчилгээ хараахан байхгүй байна. Өнөөгийн эмнэлзүйн практик ашиглагдаж буй гепатит В вирусийн эсрэг эм нь зөвхөн вирусийн өсөлт, үржлийг дарангуйлах, саатуулах нөлөөтэй байдаг. Тиймээс ч гепатит В вирусийн халдвартай өвчтнүүд насан туршдаа уг вирустэй тэмцэж, хамт амьдрах шаардлагатай болдог. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар нийт тохиолдлын 8.2% нь вирусийн эсрэг эмэнд тэсвэржсэн гепатит В вирусийн халдвартай байгаа аж. Цаашид ч тэсвэржсэн вирусийн тархалт нэмэгдэх хандлагатай байна. Гепатит В вирусийн эсрэг Ламивудин, Телбивудин эмэнд тэсвэржилт өндөр, Адефовир, Энтекавир эмэнд тэсвэржилт дунд түвшинд байна.

Ийнхүү эмийн тэсвэржилтийг үүсгэж буй хүчин зүйл нь гепатит В вирус генетик дараалалд үүсч буй мутац юм. Өнөөдрийг хүртлэх хугацаанд Монгол улс гепатит В вирусийг зөвхөн илрүүлэх, вирусийн ачааллыг тодорхойлох шинжилгээг хийдэг байсан бол цаашид гепатит В вирусийн генетикийн дарааллыг бүрэн тодорхойлж, өвчтөн бүрт тохирсон зөв эм, эмчилгээний менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр вирусийн эсрэг эмчилгээ тогтмол хийлгэдэг ч үр дүн муутай байдаг өвчтнүүдэд үр дүн сайтай эмчилгээ санал болгох, хэрэгжүүлэх боломжтой болох юм. Мөн улсын хэмжээнд гепатит В вирусийн халдварын тандалт, хяналт хийх бүрэн боломжтой болсон нь цаашид үүсэж болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тогтоох, нарийвчилсан судалгаа хийх зэрэг олон боломжуудыг нээж өгөх ба Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

Монгол улсад гепатит В вирусийн эсрэг вакцинжуулалтыг идэвхитэй хийдэг болсноор 30 гаруй жил өнгөрч байна. Вакцинжуулалттай холбоотой гепатит В вирусийн халдварын шинэ тохиолдлын тоо хурдацтай буусан ч зогсохгүй л байна.

Тэр ч байтугай вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс дунд гепатит В вирусийн халдвар бүртгэгдэх болсон. Энэ нь олон улсад ч тохиолдож байна. Үүний нэг шалтгаан нь дархлаанаас зайлах чадвар үүсгэх мутац бүхий гепатит В вирусийн омог юм. Судалгаагаар энэхүү мутацын тархалт 10.7-50%-тай байгааг тогтоожээ. Тэгвэл энэхүү мутацын тархалт, тандалтыг гепатит В вирусийн бүрэн геномын NGS шинжилгээгээр хянах, судлах бүрэн боломжтой болж байна.

Цаашид АШУҮИС, ХӨСҮТ-ийн хамтарсан баг нь ХДХВ, гепатит В вирусээс гадна гепатит С, Дельта вирус, умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус (HPV), гэх мэт олон төрлийн вирусийн NGS шинжилгээг хийх зорилготой.

Мөн бүх төрлийн вирус, бактерын геномын шинжилгээ, эмийн тэсвэржилт, филогенетик, бактер, мөөгөнцөрийн метагеномиксийн чиглэлээр эмнэлзүйн шинжилгээ, судалгааг өргөжүүлэх боломжтой юм.

Зургийн эх сурвалж: Zoulim F. Hepatitis B virus resistance to antiviral drugs: where are we going? Liver Int. 2011 Jan;31 Suppl 1:111-6. doi: 10.1111/j.1478-3231.2010.02399.x. PMID: 21205147; PMCID: PMC3096621.