“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН УРГАМАЛ СУДЛАЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), БНСУ-ын Вонгван их сургууль хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хамтарсан хөтөлбөрийн нээлтийн танхимын хурал 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Тус хөтөлбөр нь уламжлалт эмийн ургамлыг тарималжуулах, чанар аюулгүй байдлыг хангах, судалгаа шинжилгээнд хиймэл оюун болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, улмаар олон улсын сургалтын хөтөлбөрийн жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна.

Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутан, багш солилцоо, хамтарсан судалгаа шинжилгээ, сургалтын шинэ арга технологийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Хурлын үеэр “Монгол орны уламжлалт эмийн ургамал” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэж, эмийн ургамлын сорьц, судалгааны үр дүнг оролцогчдод танилцууллаа.