“МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ШИНЭ СУДЛААЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн (NIH) санхүүжилтээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дюк Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн төв” байгуулах төслийн 5 дахь жилийн феллоу, судлаачдыг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа. Судлаачдын ажлын байрыг нээлттэй зарлаж АНУ болон АШУҮИС-ийн хамтарсан баг сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Тус төсөл нь 2022-2027 онд хэрэгжиж байгаа бөгөөд Төслийн хүрээнд АШУҮИС-д “Монголын Хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” байгуулагдан, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийх, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Шинээр сонгогдсон судлаачид нь АНУ-д 3 сар суралцаж, дадлага хийхээс гадна судалгааны ажилд оролцож, төслийн зорилго, үндсэн чиглэлүүдийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх юм.