АШУҮИС-ИЙН ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ОЮУТНУУД ЯПОН УЛСАД ЭРТ ҮЕИЙН ТАНИЛЦАХ ДАДЛАГЫГ ХИЙЖ БАЙНА

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын 2-3 дугаар дамжааны оюутнууд 2025 оны 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Япон улсын Гунма их сургуульд эрт үеийн танилцах дадлагаа амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү танилцах дадлагыг хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зургаа дахь удаагаа амжилттай зохион байгуулсан бөгөөд оюутнууд хөдөлмөр заслын мэргэжлийн чиглэлээрх олон талт хичээл, сургалт, дадлагад оролцсон юм.

Дадлагын хөтөлбөрийн хүрээнд Гунма их сургуулийн хөдөлмөр заслын 2, 3-р дамжааны оюутнуудтай хамтран Өдөр тутмын үйл ажиллагаа, Хөдөлмөр заслын ур чадварын сургалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хооллолт, Мэдрэлийн эмгэг, Тархины харвалтын дараах хөдөлгөөн сэргээн засах арга зүй, Настны хөдөлмөр засал, Олон мэргэжилтний хамтын ажиллагааны арга зүй, 3D принтер ашиглан туслах хэрэгсэл зохион бүтээх хичээлүүдэд Япон багш, оюутнуудтай хамт оролцлоо.

Мөн оюутнууд мэдрэлийн мэс засал, зүрх судасны тусламж үйлчилгээ үзүүлдэг “Нумата” эмнэлэг, өндөр настны “Фүжи Тачи Вана” төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Дөрвөн навч” төв зэрэг байгууллагуудад очиж, Японы хөдөлмөр засалч нарыг дагалдан дадлага хийж, мэргэжлийн мэдлэг ур чадвар, харилцааны соёл, орчны зохион байгуулалт, орчин үеийн тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүн зэрэг олон чухал зүйлсийг сурч мэдэв. Цөөн хоногийн хугацаанд хичээл, дадлагын шахуу хөтөлбөртэй байсан ч оюутнууд Япон улсын хөгжил, соёлтой танилцаж, үе тэнгийн япон оюутнуудтай нөхөрлөн, чөлөөт цагаа хамт өнгөрүүлсэн нь соёл хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлсэн чухал туршлага байлаа.

Дадлагын үеэр Гунма Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал профессор Сайто АШУҮИС-ийн төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр заслын төгсөлтийн өмнөх болон дараах сургалтуудын талаар танилцуулан, Монголын хөдөлмөр заслын оюутан, төгсөгчдөд хамтын ажиллагааны боломжууд нээлттэй гэдгийг илэрхийлсэн нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.