АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль нь 2017 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн ур чадварын 6 дугаар олимпиадыг 2025 оны 4-р сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Олимпиад нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын хамтын ажиллагааг дэмжих, уламжлалт анагаах ухааны хичээлүүдээр олж авсан мэдлэгийг бататгах, эмнэлзүйн сэтгэлгээг хөгжүүлж ур чадварыг сайжруулах, мэдлэг оюуныг copих, суралцахуйн туршлага солилцох зорилгын хүрээнд явагдав.
“Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн олимпиад-2025”-ийг МАУОУС-ийн Дотор өвчин судлалын тэнхим, Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг, “Залуу оточ” оюутны клуб амжилттай зохион байгуулж, Одь тан ХХК, Сумади эмнэлэг ивээн тэтгэгч байгууллагаар ажиллаа.
Олимпиадад АШУҮИС, ЭТҮГЭН ИС, АЧ АУИС, ЭЗШУИС-ийн 13 багийн 65 гаруй оюутан залуус УАУ-ны онол, эмийн түүхий эд, оношилгоо, эм, засал, зүү эмчилгээ, зөвлөгөө, сурвалжийн Төвөд хэлний орчуулга, яаралтай тусламж зэрэг агуулгын хүрээнд мэдлэг чадвараа сорин эхний 3 байранд АШУҮИС-ийн “Тунгалаг-5”, “Сэржи лагба”, “Мэргэд” багууд шалгарч, АЧ АУИС-ийн “Сэмбэрүү-5” баг тусгай байр эзэллээ.



