АУ-ны доктор, профессор Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын XIII олимпиад 2025 оны 3-р сарын 31-аас 4-р сарын 27-ны хооронд амжилттай явагдаж өнгөрлөө. Тус олимпиадад Монгол улсад анагаахын боловсрол олгодог АШУҮИС, Ач АУИС, ЭЗШУИС, Этүгэн АУИС, Энэрэл АУИС, АШУҮИС-ийн Говь-Алтай, Дорноговь хот дахь салбар сургууль зэрэг нийт 7 сургуулийн 700 гаруй оюутнууд хамрагдан оролцож эцсийн шатанд шилдэг 33 оюутан шалгарч оюун мэдлэгээ сорьж өрсөлдлөө.
Энэ жилийн олимпиадад АШУҮИС, Говь-Алтай салбар сургуулийн хүний их эмчийн ангийн 4р дамжааны оюутан Ц.Номин-Эрдэнэ түрүүлж, АШУҮИС – АУС-515 хэсгийн оюутан Ж.Тогоо II байр, АУС-416 хэсгийн оюутан Г.Нансалмаа III байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Мөн АШУҮИС-ийн оюутан А.Мөнгөн-Од, О.Жанчивдулам, Б.Мөнхчимэг, Б.Лхагвасүрэн, Д.Пүрэвсанги нар тусгай байрын эзэн болж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Багийн дүнгээр АШУҮИС-ийн баг хошуучилж шилжин явах “Болор цом” гардан авлаа, II байранд Говь-Алтай салбар сургуулийн баг, III байранд ЭЗШУИС-ийн баг тус тус шалгарлаа.
Тус олимпиад нь эм хэрэглэх харилцаанд голлох үүрэгтэй оролцдог ирээдүйн эмч, эм зүйч, эмнэлгийн бусад мэргэжилтний эм судлалын мэдлэгийг гүнзгийрүүлж улмаар Монгол улсын эмийн зохистой хэрэглээ, эмийн боловсролыг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн үр өгөөжтэй ажил боллоо.


