Эрдмийн чуулган-67 салбар хурал болох “Судлаач XXIII” эрдэм шинжилгээний хуралдаанд төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтад суралцаж байгаа резидент эмч, судлаач нарын судалгааны багууд амжилттай оролцож эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүллээ.
Энэ удаагийн хуралдаанд нийт 98 илтгэл, эмнэл зүйн тохиолдол ирүүлснээс зохион байгуулах комисс, шүүгчдийн баг шат дараалан шүүн тунгааж эрдэм шинжилгээний илтгэл 8, эмнэлзүйн тохиолдол 5-ыг шалгаруулан хэлэлцүүлж шилдгээ тодрууллаа. Хурлын зочин илтгэгчээр Био-Анагаахын сургуулийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн багш АУ-ы доктор Ч.Наранцог оролцож өөрийн судалгааны ажил, эмнэлзүйн замнал дээр тулгуурлан эмч-судлаач байхын ач холбогдлын талаар сонирхолтой илтгэлээ танилцууллаа.
“Судлаач XXIII” эрдэм шинжилгээний хуралдааны шилдэг илтгэлээр:
• Эрчимт эмчилгээ судлалын резидент Э.Эрдэнэтуяа нарын “Монгол-Япон эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт үжил, үжлийн шок оношоор хэвтэн эмчлүүлэгсдийн тавиланд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт илтгэл I байр;
• Чих хамар хоолой судлалын резидент Э.Маргад-Эрдэнэ нарын “Төв, хангайн бүсийн зарим аймгийн ОБЕГ-ын албан хаагчдын чих хамар хоолойн өвчлөлийн илрүүлэлт” сэдэвт илтгэл II байр;
• Чих хамар хоолой судлалын резидент Б.Нинжмаа нарын “Нармайн гүйлсэн булчирхайн томролын зэрэг ба дунд чихний үрэвсэлт өвчний хамаарал” сэдэвт илтгэл III байр шалгарлаа.
Эмнэлзүйн тохиолдлын шилдгээр:
• Дотрын анагаах судлалын резидент Б.Мишээл нарын “Шегрен өвчин болон аутоиммун гепатит, анхдагч хатууралт холангит хавсарсан эмнэлзүйн ховор тохиолдол” сэдэвт ажил I байр;
• Мэдрэл судлалын резидент Б.Уянгаа нарын “Хажуугийн хатангирт хатуурал ба архаг үрэвсэлт миелингүйдэх полирадикулоневропати хавсарсан эмнэлзүйн ховор тохиолдол” сэдэвт ажил II байр;
• Эрчимт эмчилгээ судлалын резидент Х.Солонго нарын “Чацархайн венийн бүлэнт бөглөрлөөс нарийн гэдэс үлэмж хэмжээнд үхжиж цоорсон, үжилтэй эмчлүүлэгчийг амжилттай эмчилсэн эмнэлзүйн тохиолдол” сэдэвт ажил III байр шалгарлаа.
“Судлаач XXIII” эрдэм шинжилгээний хуралдааны шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдлын зохиогчдод Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх эрх олголоо.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан комисс, эрдэмтэн багш нар, өөрсдийн бүтээлээ ирүүлсэн бүх резидент эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлэн, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нотолгоонд суурилсан олон бүтээл гаргаж эмнэлзүйн оношилгоо, эмчилгээнд шинэ технологи, инновац нэвтрүүлэх ажлыг түүчээлэн ажиллахыг хүсье.



