“Эрдмийн Чуулган-67” Анагаах Ухааны Боловсрол Судлалын салбар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хуралдааныг Боловсрол хариуцсан проректор, Анагаах ухааны боловсрол судлалын эрдмийн зөвлөлийн дарга, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үг хэлэв. Зочин илтгэгчээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, доктор, дэд профессор О.Алтангоо “21-р зууны боловсролын чиг хандлага”” сэдэвт илтгэлийг танилцуулав.
Анагаахын боловсрол судлалын хөгжлийн чиг хандлага, ололт, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлж, сайжруулах арга замыг хэлэлцдэг бие даасан салбар хуралдааныг 7 дахь жилдээ зохион байгуулж, олон эрдэмтэн багш, судлаач, арга зүйч, мэргэжилтнүүд оролцов.
Энэ удаагийн хуралдаанд багш, судлаачдын ирүүлсэн 44 илтгэлээс шилдэг 10 илтгэлийг хэлэлцэж, шүүгчдээр Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй, боловсрол судлалын тэнхимийн профессор, Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул, Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Баясгалан, Эпидемиологи-Биостатистикийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Гантуяа нар ажиллав. Салбар хуралдаанд шилдэг 3 илтгэлийг шалгаруулж, тэргүүн байрт С.Булганчимэг, М.Эрдэнэцэцэг, О.Батгэрэл, Б.Солонго, Б.Оюунгоо нарын “Хөдөлмөр засал” хөтөлбөрийн цогц чадамж: Номинал бүлгийн техниктэй хослуулсан Дельфийн зөвшилцлийн судалгаагаар боловсруулсан нь”, дэд байрт М.Өсөхбаяр, Н.Эрдэнэхүү, Я.Энхтөр, Б.Оюунгоо нарын “Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд өгсөн суралцагчдын үнэлгээ”, Гуравдугаар байрт С.Оюунцэцэг, М.Үзмээ, С.Нармандах, С.Наранчимэг нарын “Оюутнуудын эсээ бичилтэд өгөх үнэлгээ” сэдэвт судалгааны ажлууд шалгарлаа.
Анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт багш, судлаачиддаа талархал илэрхийлье.







