АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж болон төлөөлөл 2024 оны 10-р сарын 21-24-ний өдрүүдэд Япон улсын Каназава их сургуулийн захирлын урилгаар албан уулзалтад оролцож, хамтарсан симпозиум зохион байгуулж, тус их сургуулийн эмнэлэг, эрдэм шинжилгээ, судалгааны лабораториудтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.
АШУҮИС болон Каназава их сургуулийн дотоод шүүрэл, хоол боловсруулах, орчны судалгааны тэнхимүүдтэй хамтарсан эрдэм шинжилгээний симпозиумыг чихрийн шижин, дотоод шүүрэл, орчны эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулж, Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан “Монгол улс дахь чихрийн шижингийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюунтөгс “Монгол улс дахь чихрийн шижингийн бөөрний хүндрэл, өнөөгийн байдал”, НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн дэд профессор Г.Энхжаргал ” Монгол улс дахь орчин болон хөдөлмөрийн эрүүл мэнд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Түүнчлэн Каназава их сургуулийн захирал Такаши Вада болон удирдлагууд тус их сургуулийн Нанотехнологийн төв, Хавдрын судалгааны институт, Байгалийн шинжлэх ухаан-технологийн хүрээлэн, Каназава их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн дурангийн мэс заслын тасаг, элэгний хавдрын судалгааны баг, эм зүйн албаны үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд Каназава их сургуульд АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх төгсөлтийн сургалтад хамрагдаж буй оюутнуудыг богино хугацааны сургалтын болон соёлын солилцооны хөтөлбөрт; багш судлаачдыг төгсөлтийн сургалтад; мэдрэлийн дурангийн мэс заслын эмч, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт; технологи эзэмших богино хугацааны хөтөлбөрт; хавдар судлалын төвд өндөр түвшний лабораторийн орчинд туршилт судалгаа, хавдрын шинэ төрлийн маркер тодорхойлох туршилт судалгаа, агаарын бохирдол, чихрийн шижингийн шалтгаантай бөөрний архаг хүндрэлүүд болон гепатитын чиглэлээр хамтран судалгаа эхлүүлэхээр боллоо.