Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь сувилахуйн шинжлэх ухааны онол, практикыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулахад чиглэгдэж байгаа нь манай орны сувилахуйн тусламж үйлчилгээг хүн төрөлхтөний түгээмэл ашиг сонирхолтой нийцүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж байна.
Манай орны сувилахуйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны хөгжил нь тусламж үйлчилгээтэйгээ харьцуулахад харьцангуй цөөн жилийн түүхтэй ч сүүлийн жилүүдэд ихээхэн эрчимжиж байгаа нь сувилахуйн боловсролыг их сургуульд түшиглэн олгох болсонтой салшгүй холбоотой бөгөөд сувилахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа магистр, докторын сургалтын хөтөлбөр нь эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй явуулах нөхцлийг хангаж чадаж байгаа билээ.
Мөн Сувилахуйн сургууль нь сувилагч бэлтгэх бакалаврын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж, тухайн байгууллагаас ирүүлсэн санал зөвлөмжийн дагуу төгсөх ангийн оюутнууд судалгаа хийж дипломын ажил хамгаалж эхэлсэн нь сувилахуйн салбарын эрдэм шинжилгээг эрчимжүүлэх томоохон давалгаа болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Сувилахуйн хөгжлийн түүхэн сургамж, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг судалгааны үр дүн, нотолгоонд тулгуурлан хэлэлцсэн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид маань цаашид гүнзгийрүүлэн судлах олон сайхан сэдэв, практикт хэрэгжүүлэх чухал нотолгоонуудыг олж авсан гэдэгт итгэлтэй байна.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!