АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг хамтран “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт” (The 9th International Conference on Current advances in Immunology -RAI 2024) эрдэм шинжилгээний олон улсын 9-р хурлыг 2024 оны 10 сарын 24-25-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Монгол, Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Малайз, Индонези, Турк, Сингапур улсын их сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 80 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, дархлаа судлалын шинжлэх ухааны ололт, дэвшилтэт шинэ технологийн талаар хэлэлцэв.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон, илтгэл хэлэлцүүлэн, лекц уншсан байна. Тухайлбал, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн профессор С.Цогтсайхан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Д.Лхагвасүрэн, Япон Улсын Нагасаки их сургуулийн хүндэт профессор Кацүюүки Юүи, БНСУ-ын Медийн эмнэлгийн профессор Сеог Воон Квон, БНХАУ-ын Шанхай Жиао Тонг Их сургуулийн профессор Шио Минг Янг, Малайз Улсын Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Адирадна Мат Рипен, Индонез Улсын Халуун орон, халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрхлэгч, Индонезийн Анагаах ухааны сургуулийн дотрын өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Эрни Нелван, АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Судалгааны төв (NIH)-ийн профессор Юүсүке Такахама, Олхонууд Балжиннямын Пүрэвдорж, Их Британы Бөөнингхамын их сургуулийн профессор Грахам Андерсон, Сингапур Улсын Чанги ерөнхий эмнэлгийн профессор Ав Тар Чуун, Турк улсын Алтунизаде Ацибадем эмнэлгийн доктор Б.Улаанхүү нар оролцсон нь олон улсын хурал, сургалт семинарын ач холбогдлыг тодорхойллоо.
“Дархлаа судлалын орчин үеийн ололт – Recent Advances of Immunology -2024” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан уг хурлын эхний өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал, хоёр дахь өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан тасралтгүй сургалтыг зохион байгуулав. Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан тасралтгүй сургалтын үеэр онолын суурь шинжлэх ухаан, эмнэлзүйн анагаах ухааны чиглэлээр олон сайхан лекц сонсож, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Энэ хурал нь Дархлаа судлалын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдлэг, мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах өргөн боломжийг олгож өгсөн онцлогтой боллоо.
Хурлын үеэр дархлааны эмгэгийн үеийн дархлааны хариу урвал, эмгэгжамын онцлогийг судлах, онолын суурь судалгааны үр дүнг хэлэлцэх, эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт технологийг таниулах, шинжилгээнд суурилсан эмнэл зүйн тохиолдлууд, шинжилгээний үр дүн, чанар аюулгүй байдал зэрэг сэдвээр эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэдлэг эзэмшүүллээ. Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин, хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцины үр нөлөө, дархлаа тогтоцын талаар судалгааны үр дүнг танилцуулсан байна.
Хурлын үйл ажиллагааг дэмжин ажилласан АШУҮИС-ийн удирдлага хамт олон, ивээн тэтгэгчээр ажилласан спонсор Монос фарм Эмийн үйлдвэр, Антиген ХХК, Прецилаб ХХК, Монголэмимпекс концерн, Протлаб оношзүйн лаборатори, Итгэл эрүүл мэнд ХХК, Занааспекс ХХК, Амин эх булаг ХХК, Оношмед Эмнэлзүйн лабораторийн хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!