АНУ-ЫН ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН (NIH) ДЭМЖЛЭГТЭЙ “МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ“ ТӨСЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, ШИНЭ СУДЛААЧИДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь АНУ-ын Техасын Их Сургууль болон Дюк Их сургуультай хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Монголын Хүрээлэн Буй Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Төв“ төслийн явцын тайланг хэлэлцэх хурал 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрдмийн Өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, АУ-ны доктор, профессор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн захирал, Төслийн удирдагч, АУ-ны доктор, профессор Д.Даваалхам, АШУҮИС-ийн Гадаад харилцааны газрын дарга, Төслийн зохицуулагч, НЭМ-ийн докторант Д.Өлзиймаа болон төслийн менторууд, статистикийн багийнхан, судлаачид оролцож 2023-2024 онд төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, судалгааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэл болон төлөвлөгөөг хэлэлцлээ.

Түүнчлэн 2024-2026 онд төсөлд ажиллаж, АНУ-д 3 сар мэргэжил дээшлүүлэх судлаачидтай гэрээ байгууллаа. Төслийн судлаачдыг сонгон шалгаруулах тухай зарыг ТВ, үндэсний сонин хэвлэл, АШУҮИС-ийн вэб хуудсаар улсын хэмжээнд түгээж, 2024 оны 6 сард АНУ-ын Техасын Их Сургууль болон Дюк Их сургуулийн эрдэмтэд өргөдөл гаргасан хүмүүсийн бүрдүүлсэн материалыг үнэлж, ярилцлага хийсний үр дүнд сонгон шалгаруулсан юм.