АШУҮИС НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ

АШУҮИС-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амыг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, цэцэрлэг, сургуулийн хүүхдэд шүд угаах зан үйлийг хэвшүүлэх, хүүхдийн нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг хөдөө орон нутагт зохион байгуулж байна. Энэ жил Ховд аймгийн Дарви сум, Сүхбатаар аймгийн Сүхбаатар сум, Архангай аймгийн Тамир сумын цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд шүдний эрүүл ахуйн үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан.

АШУҮИС, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр сумын цэцэрлэг сургуулийн хүүхдэд шүдний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, шүдээ зөв угааж сурах дадлыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

“Эрүүл шүд – Эрүүл ирээдүй” аяны нээлт2024 оны 9 сарын 11-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд боллоо. Нээлтэд АШУҮИС-ийн ректор, Б.Дамдиндорж оролцож үг хэллээ. Нээлтийн ажиллагаанд Булган аймгийн ЭМГ, Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын цэцэрлэг, сургууль, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Нүүр ам судлалын сургуулийн профессор багш,эмч нар 0-16 насны цэцэрлэг, сургуулийн хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж эхэллээ.