БНХАУ-ЫН ШИНЬЖЯНЫ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж БНХАУ-ын Шиньжяны Анагаах Ухааны Их Сургуулийн Нэгдүгээр харьяа эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын төвийн захирал Профессор Гэнжав Дамринжав тэргүүтэй албаны төлөөлөгчдийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Шиньжяны АУИС-ийн төлөөлөгчид АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтаар Шиньжяны АУИС-ийн Нэгдүгээр харьяа эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын төв нь АШУҮИС-ийн эмнэлгүүдтэй ахисан түвшний мэдрэлийн мэс заслыг хийх, залуу эмч, багш нарыг мэргэшүүлэн эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Шиньжяны Анагаах Ухааны Их Сургуулийн Нэгдүгээр харьяа эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын төв нь 140 ортой, мэдрэлийн мэс заслын 10-н нарийн мэргэшлээр хөгжсөн томоохон төв юм.

АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж албаны төлөөлөгчдийг манай их сургуульд айлчлал хийсэнд талархлаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.