ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН ХӨТӨЛБӨР ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын хөтөлбөр нь Дэлхийн хөдөлмөр заслын холбооны магадлан итгэмжлэлийг 7 жилийн хугацаатайгаар амжилттай магадлууллаа.

Монгол Улсад хөдөлмөр заслын мэргэжлийн боловсролыг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилгоор 2014 онд анхны элсэлтээ авч эхэлсэн цагаас хойш тус хөтөлбөр нь сургалтын агуулга, чанарыг олон улсын түвшинд хүргэхийн төлөө тасралтгүй сайжруулалт хийж, шат дараатайгаар бэхжүүлж ирсэн байна. Энэхүү зорилгын хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлд хүрэх урт хугацааны, системтэй бэлтгэл ажлыг 2018 оноос эхлүүлж, хөтөлбөрийн бүтэц, хэрэгжилт, үнэлгээний тогтолцоог нягт нямбай байдлаар шинэчилж, сайжруулсан.

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран ажилладаг Швейцар улсын Цүрихийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль, Япон улсын Гунма Их Сургууль, Хонконгийн Политехникийн Их Сургуулийн хөдөлмөр заслын хөтөлбөрийг хариуцдаг удирдагч, багш нараас туршлага судлахаас гадна Швейцарь улсын Хөдөлмөр заслын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, мэргэжилтэн нар, Дэлхийн Хөдөлмөр Заслын Холбооны ерөнхийлөгч Саманта Шанн нарт хөтөлбөрийн бүтцийг нарийвчлан харуулж, хөтөлбөрийн сайжруулалт, хэрэгжилтийн талаар арга зүйн зөвлөгөө удаа дараа авч байлаа.

Дэлхийн хөдөлмөр заслын холбооноос тогтоосон хөдөлмөр заслын боловсролын минимум стандартыг чанд баримтлан “Улс орон, соёлын онцлог”, “Сургалтын хөтөлбөр”, “Өөрийн үнэлгээ” гэсэн үндсэн 3 бүлгийн хүрээнд тайланг боловсруулсан нь олон жилийн турш хуримтлуулсан туршлага, судалгаа шинжилгээ, бодит ажлын үр дүнг нэгтгэсэн өргөн цар хүрээтэй ажил болсон юм. Тайланг боловсруулах үйл явц нь зөвхөн мэдээлэл нэгтгэх төдий бус, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа дахин нягтлан дүгнэх, сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлох, олон улсын шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн нягт, хариуцлагатай ажил байв.

Шинжээчдийн шийдвэрийг 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн хөдөлмөр заслын холбооны Ерөнхий Ассамблейн хурлаар албан ёсоор хэлэлцэн 100 хувийн саналаар баталгаажуулж, Монгол Улсын хөдөлмөр заслын боловсрол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөнийг дэлхий нийтэд зарласан байна.

Мөн энэхүү үйл явцтай зэрэгцэн Монголын хөдөлмөр засалчдын холбоо нь Дэлхийн хөдөлмөр заслын холбооны бүрэн гишүүнээр элссэн нь салбарын хөгжилд чухал ахиц дэвшил болсон юм.

Энэхүү амжилтад үнэтэй хувь нэмэр оруулж, бүх талаар хичээн ажилласан багш, хамт олон, удирдлагын багт гүн талархал илэрхийлье.