СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙГ СУНГАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Өндөр эрсдэлтэй халдварт өвчний олон улсын сүлжээ байгуулах” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төслийн хэрэгжүүлэлтийг 2029 он хүртэл сунгах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг АШУҮИС-ийн Хүндэтгэлийн өргөөнд зохион байгуулж, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ШУТГ-ын дарга, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр, Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш нар, Сөүлийн Үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлөн “Өндөр эрсдэлтэй халдварт өвчний олон улсын сүлжээ байгуулах” төслийн үндсэн судлаач, Сөүлийн Үндэсний их сургуулийн Эмнэлзүйн эм судлалын тэнхимийн профессор, Сөүлийн Эмнэлзүйн туршилт судалгааны төвийн Чанарын баталгаажуулалтын албаны дарга И Сэн Хуан, доктор Жи Сан Чүн нар оролцов.

АШУҮИС-ийг төлөөлөн АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, “Өндөр эрсдэлтэй халдварт өвчний олон улсын сүлжээ байгуулах” төслийн Монгол улсын үндсэн судлаач, АУС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл нар гарын үсэг зурав. Гэрээнд оролцогч талууд цаашдын хамтын судалгаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь судалгаа, инноваци, мэдээллийн солилцоог өргөжүүлэх, цаашдын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэр дундаа халдварт өвчин болон молекул оношилгооны чиглэлд чухал хувь нэмэр оруулахыг онцоллоо.