Их сургуулийн хөгжлийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2026 онд “Ёс зүй, хариуцлага, хяналт, бүтээмж, сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх” дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлжээ.
Эдгээр зорилтын хүрээнд нийт 225 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахтай холбогдуулан ректорын зүгээс удирдах ажилтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж тус сургуулийн газрын дарга, бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, харьяа эмнэлэг, хүрээлэн, ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг мөрдөх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Янжинлхам “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулж, нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.














