ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС-ТОЙ ХАМТРАН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЛАА

ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас оюутнуудын амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр улсын хэмжээнд их, дээд сургуулийн дотуур байруудад хяналт шинжилгээ хийж ажилласан. Энэ ажлын хүрээнд Манай их сургуулийн оюутны 1,2,3 байранд байранд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээний үр дүнд илэрсэн эрсдэлийг арилгах чиглэлээр бодитой, үр нөлөөтэй арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн 90 хувийн үнэлгээтэй дүгнэгдлээ.

• Чиптэй нэвтрэх систем нэвтрүүлэв. Ингэснээр оюутнууд оройн болон шөнийн цагаар гадаа удаан хүлээх нөхцөл арилж, гаднын хүн хууль бусаар нэвтрэх эрсдэл буурч, аюулгүй байдал бодитоор сайжрав.

• Дотоод журамд хүний эрхэд суурилсан шинэчлэл хийв. Оюутны хувийн орон зайг хүндэтгэх, сахилгын арга хэмжээг шийтгэлийн бус, урьдчилан сэргийлэх, ойлгуулах хэлбэрт шилжүүлэх зохицуулалтыг тусгалаа.

• Инженерийн болон ашиглалтын шинэчлэл хийв. Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, галын аюулгүй байдлын хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж, ариун цэврийн болон угаалгын өрөөний хаалт, түгжээ, сантехникийн тоноглолыг сольж, ачаалал ихтэй хэсгүүдэд урсгал засвар, тохижилтыг гүйцэтгэлээ.

• Камерын болон нэвтрэх хяналтын системийг сайжруулав. Тоног төхөөрөмжийн байршил, ашиглалтыг хүний эрх, хувийн нууцын зарчимд нийцүүлэн зохион байгуулснаар аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ суралцагчдын нэр төр, сэтгэл зүйн тайван байдлыг хамгаалах нөхцөл бүрдүүлэв.

• Ариун цэврийн байгууламжийн орчныг шинэ түвшинд хүргэв. Усанд орох өрөө, ариун цэврийн хэсгийн хаалт, тусгаарлалт, түгжээний чанарыг сайжруулж, эрэгтэй, эмэгтэй ашиглалтын ялгааг тодорхой болгож, халуун усны тасралтгүй, хүртээмжтэй байдлыг хангах техникийн шийдлүүдийг нэвтрүүлэв.