БНСУ-ЫН КЁНСАНБУГ МУЖИЙН ЗАХИРГАА, ТЕХНОЛОГИЙН ПАРК, ДЭГҮ ХААНИ ИХ СУРГУУЛЬД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Боловсролын яамны Дээд мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Нарангэрэл, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2026 оны 2 дугаар сарын 22–24-ний өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллалаа.

Кёнсанбуг муж-ийн захиргаанд зочлон, Халамж, эрүүл мэндийн газрын дарга Ким Ху Сеоп болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийв. Уулзалтаар уламжлалт анагаах ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, биотестийн төв байгуулах, шинжлэх ухаан, технологийн парк байгуулах боломж, хамтын ажиллагааны загварын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, Кёнсанбуг мужийн зүгээс бодлогын түвшний дэмжлэг үзүүлэн, томоохон төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн Кёнсанбуг Технологийн парк-ийн захирал Ха Ин Сун байгууллагынхаа бүтэц, инновацын экосистем, гарааны болон үйлдвэрлэлийн төслүүдийг дэмжих механизмын талаар танилцуулж, технологийн парк байгуулах төсөл боловсруулах, менежментийн загвар нутагшуулах чиглэлээр зөвлөх, хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Ажлын хэсэг Дэгү Хаани Их Сургууль-ийн ректор Бён Чанг Хүн болон удирдлагуудтай албан уулзалт хийж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичигт туссан чиглэлүүдийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцлээ. Үүнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологи дамжуулах, биотестийн төв болон технологийн парк байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, ажлын хэсэг бүрээр төсөл боловсруулж ажиллах зэрэг асуудлууд багтав.

Түүнчлэн Дэгү Хаани Их Сургуулийн Хаани косметикийн үйлдвэр, Биотестийн төв, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулсан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, судалгаа–үйлдвэрлэл–эмчилгээний интеграцчилсан загварыг судаллаа.

Шинжлэх ухаан, инновац, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, уламжлалт анагаах ухаанд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрийн түвшинд ахиулахад чиглэсэн чухал алхам боллоо.