Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран туршилтын амьтанд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ.
Дэлхий нийтэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хүний биед хийхээс өмнө туршилтын амьтанд олон удаагийн, үе шаттай судалгаа заавал хийдэг. Энэ нь мэс заслын аргачлал, дархлаа дарангуйлах эмчилгээ, эрхтний цусан хангамж, хүндрэлүүдийг урьдчилан үнэлэх, аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Ийм төрлийн туршилт судалгаа нь эмчилгээний үр дүн, амьд үлдэх чадвар, урт хугацааны хүндрэл зэргийг тогтоож, эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийн өмнөх зайлшгүй үе шат болдог.
АШУҮИС, УХТЭ хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн “Эмнэлзүйн ур чадварын төв”-ийн “Мэс заслын дэд төв”-д гахайн модель дээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг олон улсын жишиг аргачлалын дагуу хийж, мэс заслын дараах амьдрах чадвар, гемодинамик тогтвортой байдлыг хангаж бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн ур чадвар, бэлэн байдлыг баталгаажуулсан чухал алхам боллоо. Туршилтын явцад донор болон реципиент амьтанд ерөнхий мэдээ алдуулалт, судасны анастомоз, шээлгэх сувгийн холболтыг стандарт протоколын дагуу гүйцэтгэлээ.















