ЯПОН УЛСЫН САНГИЙН ДЭД САЙД МИМҮРА АЦҮШИ АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТЭЙ ТАНИЛЦЛАА

Япон Улсын Сангийн дэд сайд Мимүра Ацүши, түүний баг, Монгол Улсад суугаа Японы элчин сайд Игавахара Масарү нар 2026 оны 02-р сарын 23-ны өдөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирлээ.

Зочдыг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан проректор Д.Цэрэндавга, Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, эмнэлгийн удирдлагын баг, алба, тасгийн эрхлэгч нар хүлээн авч, зочдод эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулга хийв.

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай уялдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн барилга байгууламжийг өргөтгөх хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

Энэхүү айлчлал нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой уулзалт боллоо.